Wednesday, March 21, 2012

Tөслийн товч танилцуулга

Авто замын салбарын чадавхи хөгжүүлэх техникийн туслалцааны төсөл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран боловсруулсан Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар 2011 онд баталсан билээ. Үндэсний хэмжээнд Монгол Улсын Авто замын сүлжээг хөгжүүлэх “Мянганы зам” төсөл, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, Монгол Улсын авто замыг 2021 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг томоохон төсөл, хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхлээд байгаа боловч эдгээр төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Авто замын салбарын өөрийнх нь чадавхи хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг холбогдох олон улсын байгууллага хийгээд салбарын төлөөлөл гаргасан байдаг. Иймээс Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх шаардлага гарч , энэ шаардлагыг хангах зорилгоор 2016 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хөтөлбөрийг боловсруулсан юм.


Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны санхүүжилттэй 2 сая ам. долларын техник туслалцааны төслийг Австралийн ВикРоүдс (Австралийн Виктория муж улсын авто замын газар www.vicroads.vic.gov.au), Монгол улсын МонКонсалт ХХК (www.monconsult.mn)-тай хамтран 2012 оны 2 дугаар сараас эхлэн хоёр жилийн туршид хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхээр төлөвлөсөн болно. Үүнд:

1/ Авто замын газар (АЗГ)-ын зохион байгуулалт, хүний нөөцийг чадавхижуулах  
2/ Авто замын сан, Авто замын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх
3/ АЗГ-ын төслийн менежмент, худалдан авах чадавхийг дээшлүүлэх
4/ Авто замын хяналтын системийг сайжруулах, аутсоурсингийн асуудал
5/ Авто замын урсгал засвар арчлалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
6/ УБ хотын авто замын засвар арчлалтын стратеги, стандартыг тодорхойлох
7/ АЗГ-ын төслийн төлөвлөлт, үнэлгээ хийх чадавхийг нэмэгдүүлэх
8/ Сургалт, давтан сургалтын байнгын хөтөлбөр боловсруулах
9/ Орон нутаг дахь авто замын салбарын технологийн шилжилт, чадавхийг нэмэгдүүлэх
10/ Хөтөлбөрийн хэрэгжилтэнд мониторинг хийх, олон нийтэд түгээн дэлгэхүүлэх

No comments:

Post a Comment